Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

   
 
Ил захидал сонордуулга

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын Ардчилсан Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын  Их Хурлын Эрхэм Гишүүн , Хүний Эрхийн Дэд Хорооны Дарга, Э. Бат-Үүл Монгол Улсын Их Хурлын Эрхэм Гишүүн ,Тэргүүн Шадар сайд, Ардчилсан Намын Дарга Н.Алтанхуяг, Монгол Улсын Их Хурлын Эрхэм Гишүүн, Засгийн газрын гишүүн,  ЗТБХБ-ын Сайд, Монголын Ардчилсан Холбооны Дарга Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын Эрхэм Гишүүн Р.Гончигдорж, Монгол УИХ- ын  Эрхэм Гишүүн , Нийслэлийн Ардчилсан Намын Дарга С.Эрдэнэ, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Д.Ганболд нар Танаа!

2009 оны 10-р сарын 03-ны өдөр улс төрийн орогнол хүсч Монголд ирсэн   Өвөрмонголын Отгын өмнөд хошууны уугуул, Их Зуу аймгийн Ордос хотын  оршин суугч, Монгол үндэстэн, Ордосын Монгол Төвдийн Анагаахын Сургуулийн захирал Харнууд овогт Халзадайн Батзангаа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн суурин төлөөлөгчийн газрын үүднээс баригдсан ба түүнийг эхнэр, 9 настай охиных нь  хамт маргааш өдрийн онгоцоор  Хятад руу шууд авч явсан байна. Одоогоор Батзангааг хэрхсэн нь тодорхойгүй байна.

Энэ баривчилгааг Монголын эрүүгийн цагдаагийн  хамгаалалт дор БНХАУ-ын Цагдаа,  Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд гардан гүйцэтгэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн  гэрээ конвенцоор хүлээсэн  үүрэг хариуцлагад харш, ардчилсан орнуудын нийтээр дагаж мөрддөг хүний эрхийг хамгаалах наад захын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн явдал боллоо. Цагдаа нар Коммунист Хятадын хүчний байгууллагын  гар хөл болж хууль бус дээрхи үйлдэлд гар бие оролцсон нь  Ардчилсан Монгол Улсын хууль сахих үүрэгтэй Монголын цагдаагийн эгнээнд Монголын ард түмний үндэсний эв нэгдэл,  эрх чөлөө, ардчилалын үзэл санаа, хүнлэг энэрэнгүй,  шудрага ёс, хүний эрхийн үнэт зүйлсийг хүндэтгэх ямар ч ёс зүй, итгэл үнэмшилгүй, хууль ёсоо умартдаг, эрдэнэт хүний амь насыг хууль бус тушаалаар егүүтгэхээс буцахгүй харгис, Монгол хүнийг үзэн яддаг байж мэдэх, харь гарал бүхий, харийн эзэндээ үнэнч, шан харамж авдаг этгээдүүд шургалсан бөгөөд хууль журмыг дураараа зөрчдөг,  албан тушаалын боол, авилгалын золиос болсон, Монгол хүнд “халгаатай” байгуулага гэдгээ дахин харууллаа. Эрүүгийн цагдаагийн газар болон гадаадын харъяатын асуудал эрхэлсэн агентлаг,  гадаад  харилцааны яамны ажилтнууд   Монгол Улсын тусгаар тогтнол,  бүрэн эрхт байдалд халдсан онцгой балмад үйлдэл хийх боломжийг Хятадуудад олгосон нь эх орноосоо урвасан хэрэг гэж бид үзэж байна.

Дүрвэгсдийн асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэгтэй, Монгол улсын хуулийг хүндэтгэх, НҮБ-ын дүрэм, хүний эрхийг хамгаалах зарчимд үнэнч байх  учиртай НҮБ-ын  монгол ажилтнууд Хятад, Монголын цагдаа, тагнуулын ажиллагаанд хамтран оролцсон нь анхаарал татаж байна. Эдгээр ажилтнууд болон цагдаагийн зарим албан тушаалтнуудыг Хятадын  хүчний байгууллагатай хуйвалдан, хүний  хувийн нууцыг задруулахдаа  дарамтанд орсон буюу төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байж болзошгүй учир  Тагнуулын Ерөнхий Газар, Авилгалтай Тэмцэх Газар болон Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас  шалгах шаардлагатай гэж бид үзэж,  холбогдох өргөдөл гомдлоо гаргах болно.  Үүний өмнө ч Хятадын цагдаагаас мөнгө авч улс төрийн учир шалтгаанаар Монголд орж ирсэн Өвөрмонголчуудыг мөрдөн мөшгиж баривчлахаар улайрч байсан   цагдаагийн ажилтнууд энэ хэрэгт оролцсон байх магадлалтай бөгөөд тэд амташсан хэрээ гэгч болжээ.

Х. Батзангаа нь  ямар ч хууль эрх зүйн зөрчил үйлдээгүй, бүх журмынх нь дагуу НҮБ-д хандан дүрвэгсдийн статус авах хүсэлт гаргаад Монгол Улсад түр ирээд байсан бөгөөд энэ тохиолдолд НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас өгсөн тодорхойлолтод дурьдсанчлан амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулж болзошгүй улс руу албадан гаргахыг хориглодог байна.

Х. Батзангаа Өвөрмонголын болон  Хөх нуурын Монголчууд, Төвд,  ОХУ-аас очсон  Буриад, Халимаг, Тува, түүний дотор  Монгол Улсын 10 гаруй оюутан залуус сурдаг, нийт 1000 гаруй оюутантай  Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухааны боловсрол олгох томоохон сургууль байгуулсаныхаа төлөө хавчигдан гадуурхагдсан бөгөөд Хятадын эрх баригчид түүнийг Монгол үндэсний үзэл санааг сэргээж байна гэж хардан, ард түмнээ эмчлэн сэргийлэх Монгол туургатны олон эмч бэлдэж байгаад нь хорсон өширхөж, элдвээр шахан хавчиж, өр төлбөрт оруулан,  улмаар өөрийн хөрөнгөөр байгуулсан сургуулийг нь хааж, оюутнуудыг нь тараасан байна.

Хүндэтгэн үзэх маш тодорхой  учир шалтгаанаар ардчилал,  хүний эрхийг эрхэмлэгч ахан  дүүсээ гэж найдан  ирсэн Өвөрмонголын эх оронч  Батзангааг гэр бүлийн хамт Монголын нутаг дэвсгэр дээр,  Нийслэлийх  нь  төв гудамжинд  харийн тагнуул цагдаа барьж авч явсан цагаандаа гарсан энэ хэрэг явдалтай   эрх чөлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн бид хэрхэвч эвлэрэх ёсгүй.  Монголчуудын ардчилсан сонголтыг үл тоомсорлосон их гүрний харгис бодлого, дарангуйлагч дэглэмийн дээрэнгүй  үйлдлийг ард нийтээрээ эсэргүүцэж тухай бүр няцаалт өгөх ёстой  гэж бид үзэж байна. Монголын хууль хяналтын байгууллагууд Хятадын тусгай албадын барьцаанд орсон мэт дуулгавартай үйлчилж байгааг ард нийтээрээ анхаарч сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Дүрвэгчдийн статус хүсч,  Монгол Улсад орж ирсэн Батзангаа түүний гэр бүлд учирсан энэ эмгэнэлт явдал бол нэг биш удаа давтагдаж байгаа бөгөөд Монгол Улсын зарим  хөрш орнуудтай байгуулсан гэрээ хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх нэрээр дураараа тайлбарлаж, хүний эрхийг зөрчиж байдаг коммунист угшил бүхий Монголын цагдаагийн байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, Монголын ард түмний үндэсний язгуур эрх ашигтай зөрчилдөж байгааг харуулж байна. Монгол Улс хүний эрхийг зөрчдөг орны тоонд хэвээрээ байгааг Монголыг дэмжигч хандивлагч орнуудын олон нийт,  төр засгийн анхааралд бид хүргэх болно.

Хилийн цаана оршин суугаа 4 сая гаруй Монголчууд Та бидэн шиг ардчилал хүний эрхийн сайн сайханыг эдлэх салшгүй эрхтэй билээ. Дэлхийн олон оронд суугаа Өвөрмонгол, Төвд, Уйгурын хүний эрхийн байгууллагууд болон тухайн орнуудын дэмжигч олон нийт Монгол Улс  Өвөрмонголын эх орончдыг Хятадын тусгай албадтай хамсан баривчилж байгааг жигшин буруушааж байна. Ардчилсан хөгжлийн замналыг сонгон  авсан Монголын ард түмний өмнө Үндсэн хуулийн үүрэг хүлээсэн Улсын Их Хурал хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг,  Монгол хүний аюулгүй байдалд хохирол учруулдаг эрх зүйн актаа цуцалж, хөрш орнуудтай олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн гэрээ хэлцэл хийж, НҮБ-ын дүрвэгсдийн тухай конвенцид нэн даруй нэгдэхийг ард түмний язгуур эрх ашиг  шаардаж байна.

Ардчилалын нэрээр хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан орнуудын зээл тусламжийг хангалттай хүртэж ирсэн Монгол Улсын төр засгийн бүх шатны байгууллагууд, төрийн албан хаагчид улс төрийн учир шалтгаанаар манай улсаас өмгөөлөл хамгаалал хүссэн гадаадын иргэдийн эрхийг хүндэтгэж,  ялангуяа Монгол үндэстэн хүний эрхийн төлөө тэмцэгчдэд улс төрийн орогнол нэн даруй олгох, эрх зүйн тусламж үзүүлэх, аюулгүй байдлыг нь хангах, Монголын төр тусгаар орны хувьд Монгол хүнээ Монгол Улсын иргэний харъяалалд нэн түрүүнд авдаг эрх зүйн онцгой орчин бүрдүүлэх цаг болсон гэж бид үзэж байна. 

Өвөрмонголын харъяат Батзангаа болон уугуул монголчуудынхаа байгалийн баялаг,  үндэсний соёл, эх монгол хэл,  зан заншил, хүний үндсэн эрхүүд, түүний дотор шүтэн бишрэх эрх чөлөөгөө хамгаалж,улс  төр соёл, эдийн засгийн тэгш эрхийг шаардаж, үнэн үг хэлсэнийхээ төлөө Хятадын  шорон гянданд доромжлол, эрүү шүүлтийн дор тарчилж, хоригдож байгаа Монгол үндэстний  эх орончдыг нэн даруй суллахыг БНХАУ-ын эрх баригчдаас шаардсан дэлхий нийтийн хөдөлгөөн өрнүүлэхийг Бүх Монгол туургатан ард түмэн, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч суугаа Монгол ахан дүүс, Монголыг дэмжигч дэлхийн улс орнуудын анд нөхөддөө бид уриалж байна.

Эзэн Чингисийн сургаал,  100 жилийн ойг нь тэмдэглэхээр зэхэж байгаа  1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 21 оны Ардын хувьсгал Нэгдсэн Монголын эх орончдын эвийн хүч, цусаар  биелэлээ олсоныг  Та бүхэн мартаагүй гэдэгт найдаж байна. 1990 оны Ардчилсан хувьсгалыг хамгийн түрүүнд уухайлан дэмжиж, хамаг итгэл найдвараа даатгасан Өмнөд, Умард,  Өрнөдөд суугаа монгол ах дүүсийнхээ цагаан сэтгэлийг бид мартах ёсгүй. Монголчууд бид дэлхийн ард түмнүүдтэй эв найртай оршихын төлөө байдаг энхийг эрхэмлэгч ард түмэн. Гэхдээ мах цусны тасархай  ах дүү хамаатан саднаа мартдаг ойд төөрсөн сармагчин үндэстэн гэж үеийн үед нэрлэгдэх гутамшигаас хойч үеэ хол байлгах ёс суртахууны нандин үүрэгтэй билээ.

Хүндэт Ерөнхийлөгч, Эрхэм  гишүүд, Журмын нөхдөө! Та бүхэн болсон  явдлыг анхааралдаа авч, хэргийн  мөрөөр яаралтай асуулга буюу шалгалт явуулж, хүний эрх,  хууль журам зөрчин, Ардчилсан Монгол Улсын нэр хүндэд сэв суулгаж, үндэсний эв нэгдэлд  хохирол учруулсан  этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, Монголоо гэсэн ах дүүсийнхээ сэтгэл рүү ус цацсан  ийм бузар хэрэг дахин гаргахгүй байх  талаар өөрсдийн зүгээс бололцоотой бүх арга хэмжээг авч өгнө үү!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Хүний эрхийг хамгаалах Дэ вангийн нийгэмлэг

Даяар Монгол хөдөлгөөн

2009.10.29

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us